Харилцааг дуусгаж сурах нь

Өсвөр нас, шилжилтийн нас, залуу нас хаа нь яваад байгаа нь мэдэгдэхгүй амьдралын тойрог эргэлдэнэ, бидний зарим нь хүүхэдтэй болж зарим нь хүнтэй хөтлөлцөж үзээгүй хэвээр өөр өөрийн цаг хугацаандаа амьдарна. Хайрлаж дурлана, хаягдана,хаяна, итгэнэ, хүлээнэ, орхино, шархална гээд хайр дурлалын амьдрал адармаатай л даа. Энэ хүн л миний дэргэд юу ч болсон, яасан ч байна байх даа гэсэн хүлээлт, итгэл хүн бүрийн дотор асаж нэг бус удаа унтарсан л байх.Бидний зарим нь ганцаараа байхыг хүсээгүй гээсээ болоод хажуудаа хэн нэгнийг байлгахыг хүсээд хайрласан ч зүйлгүй нэгнийхээ сэтгэлд толбо үлдээчихдэг.Бусдаас авч чадаагүй хайрыг өөртөө өгөх зоригтой байх ёстойг мартчихдаг. Тэгээд ганцаараа үлдэхдээ бүтэн байсан хүн хагас болчихсон ч юм шиг, чамтай танилцаагүй бол би ийм хүн орчлон дээр байдаг гэдгийг мэдэхгүй сайхан унтах байлаа гээд киноны үг татаж аваад л..

Зоригтойгоор баяртай гэж хэлж чадахгүй зууралдаад л, гомдол тээж амьдраад л, өөрөө хүлээлтээсээ болж сэтгэлээ сэглэнэ. Дотроо бүгд л эвдэрхий хүн болж бусдыг түлхэнэ, ганцаардана, догдолсон баярласан мэдрэмж авбал түүнээсээ дөлнө, үгүйсгэнэ, итгэхээсээ айна.

Салалтын дараах хүлээлт, ганцаардал, учир нь олдохгүй эргэлзээ хамгийн ярвигтай нь байдаг бол итгэхийг хүссэн худал хамгийн гунигтай юм билээ. Үгүй байлгүй дээ гэсэн найдвар, бодит үнэнтэй нүүр тулахаас айж байсан нь миний хувьд хамгийн тэнэг явдал байсан юм байна гэдгийг энэхүү өндөрлөгөөс ойлгов аая.

Зарим харилцаа гомдол цөхрөлтөөс болж дуусаж салдаг бол зарим нь утга учиргүй, залхмаар болж салдаг. Харин хамгийн хэцүү нь гомдсондоо, залхаасандаа ч биш сэтгэл сэмэрч, зүрх тархи ядарч туйлдаж салах л хамгийн хүнд байдаг.

«Никто никому ничего не должен» . Үнэндээ хэн ч хэн нэгний төлөө яах ч албагүй. Хайрласан хүн чинь эргүүлж хайрлах албагүй, итгэл даах ч албагүй. Гэтэл хүлээлт үүсгээд байгаа сэтгэл л гол асуудал юм шиг. Тэгээд бодлоо, лдоо би ямар хүнийг хайрлаж чадахгүй вэ?, харилцаа болгонд гомдол тээхгүй хэрхэн баяртай гэж сурах вэ? талаар бодсоноо ярилцъя.

Би ямар хүнийг хайрлаж чадахгүй вэ?

Гэж өөрөөсөө асуулаа. Их энгийн асуулт. Миний хариулт бол хичээл зүтгэлгүй хүнийг хайрлаж чадахгүй юм байна гэж бодсон. Үүнд бүх л зүйлс багтана. Амьдралын төлөөх зүтгэлгүй хүний дэргэд би мянга хичээгээд яах юм бэ? Миний төлөөх зүтгэлгүй хүнд би үнэ цэнэтэйгээр хайрлагдаж чадна гэж үү? Учрах ёстойгоо тавилангаараа учирсан гэж биш, эрж хайж яваад олсон гэж нандигнуулмаар байна. Бүх л зүйлийг бэлэг гэж тосон авдаг бол, намайг олз гээд шунан шүүрэн аваасай гэж хүсэж байна. Өөрийнхөө төлөө би хичээсээр ирсэн, мэдлэгтэй байх гэж, эрүүл саруул байх гэж, үзэсгэлэнтэй байх гэж, өөрийгөө болон бусдыг хайрладаг, урмаар тэтгэдэг байх гэж. Тэр хайраараа ч хүндлэлээрээ ч дэргэд байгаа хүнээ хайрлахыг хичээх болно. Би ч гэсэн тэр хүнийг хайрлах хайрын төлөө зүтгэмээр байвч өөрийгөө хайрлаж чаддаггүй нэгэн рүү тэмүүлэх болов уу? гэж бодсон юмаа уул шугамандааа.

ГЭВЧ

Бодит байдал миний төсөөлснөөс асар хол зөрөхөд л өөө нээрэн энэ чинь амьдрал шдээ гэж бодогдов. Хэн ч чиний хүлээлтэд хүрэхгүй, чи ч бас хэн нэгний хүлээлтэд хүрэхгүй. Тийм л юм чин хүлээлтээс доогуур байсанд нь урам хугарсан ч гомдол тээхгүйгээр харилцаанд үүссэн асуудлаа цэгцэлж дуусгавар болгох нь л том болсны илрэл гэж би хардаг болсон.

Сэтгэлийг чинь ойлгохгүй байгаа хүнийг явуул! Яриаг чинь гүйцэд сонсоогүй байж дайрч байгаа хүнийг орхи! Нулимс урссаар байгаад учраа олдог харилцаа гэж байхгүй.

Хэн нэгнээр хайрлагдахаа хүлээмээргүй байна, хэн ч гэж таньж мэдээгүй залууг зүрхээр минь тоглохыг хармааргүй байна, би өөрөө өөрийгөө илүү их хайрламаар байна.

“Өөрийгөө хорьхон хувь хайрладаг байлаа гэж бодоход чамайг гучин хувь хайрлах нэгэн гараад ирвэл чамд маш их юм шиг санагдана. Харамсалтай нь бодит байдал дээр зуугийн тал ч хүрэхгүй бага хэмжээ. Харин чи өөрөө өөрийгөө зуун хувь хайрлавал чамайг зуу, зуугаас ч илүү хайрлах хүмүүс л гарч ирнэ”. -Даниел Слосс

Саяхан манай найз надад өөрийгөө доогуур үнэлээд буруу хүндээ боломж олгоод байна гэсэн юм. Би тэгээд ухаан орсон юм шиг бодохгүй юу.

Би өөрийгөө яаж үнэлэгдэх ёстой гэдгээ мэдчихвэл намайг доогуур үнэлэх хүмүүс анхнаасаа миний сонирхлыг татах ч үгүй. Би өөрийгөө хайрлаад сурчихвал бусдаас хайр хүлээж сэтгэлээ шаналгахгүй.

Амьдралд хүн төсөөлж бармааргүй, олон учралтай нүүр тулдаг. Тэр бүхний эцэст хэний инээд илүү үзэсгэлэнтэйгээс илүүтэй хэний дэргэд өөрийх нь инээд үнэн санагддагийг анзаарч мэдэх тэр цэгтээ хүн хайртай учирдаг гэдэгт би итгэдэг болсон.

Цаг нь болоогүй дурлалын төлөө цагаасаа эрт шаналж болохгүй шүү, Чамайг хайрлах, чиний хайрлах нэгэн иртэл ганцаараа байхдаа битгий ганцаардаарай.

Цэл залуухан насандаа яагаад амьдралыг дураараа туучаад гарахад заавал хажууд чинь хэн нэгэн байж чи бүтэн болох ёстой юм бэ? Чи ганцаараа байхдаа 100% бүтэн шүүдээ. -@ulakhulan Н. Хулан ‘A year to remember’ номын хэсгээс.

Охиддоо аминчлан чихэнд чинь шивнэхэд сэмэрч л байдаг сэтгэл гэж байхгүй шүү!, Хэн нэгнийг алдахаас битгий ай, харин хэн нэгнийг авч үлдэхийн тулд өөрийгөө битгий алдахаас ай!

Хэн нэгэн чухал байсан нэгнээ сэтгэлээсээ явуулахад тэнхээ их шаардах ч гэсэн эргүүлээд сэтгэлийн тайвшрал, хүчийг өгдөг гэдгийг санаарай.

Найзаа, орхих цаг нь болсон. Чи тэмцсэн, чи хичээсэн, чи хүлээсэн, бас итгэсэн. Түүнийг явуулж байгаа нь тийм харамсмаар зүйл биш. Харамсах хүн нь чи биш тэр шүү дээ. Өөрийг нь бусдаас илүү хайрладаг байсан хүнийг алдсан болохоор.

Чамд хамгийн гайхалтай чи байгаа шүү!

Амьралд минь мөрөө үлдээсэн хэн бүхэнд баярлалаа! Баяртай.

The end.

Харилцаа бүр инээж баяртай гэж дуусах албагүй ч гэсэн зүрхэндэх толбоо хүн бүр тээж явах учиргүй.

--

--

Love podcasts or audiobooks? Learn on the go with our new app.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store